2012-04-21
мэдээлэл
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТУХАЙ
    Өмнийн цэнхэр говь нутгийн үзэсгэлэнт байгалийн тогтоц, газрын хэвлий дэхь баялаг нь хэн хүний харааг өөрийн эрхгүй булаан, гадаад дотоодын зочид гийчдийг урин дууддаг энэхүү ер бишийн сайхан нутгийг дэлхийн эрдэмтэн мэргэд судалж  дэлхийн энергийн төв болохыг баталснаар Монголдоо төдийгүй дэлхийд танил болоод байна. Ухаанаа арвижуулж, биеэ ариусган, хүч авах хүсэлтэй зон олны хөл энэ нутгаас тасрахгүй.
Засаг захиргааны нэгж:
Өмнөговь  аймаг нь 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 15 сумтай, 53 багтай. Аймгийн төв Даланзадгад хот.
Газар нутаг:
Өмнөговь аймаг нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, Хойд талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймгуудтай тус тус хиллэн оршино. Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 560 км зайтай. Монгол улсын хэмжээнд хамгийн том 165,0 мянган кв.км нутаг дэвсгэртэй ба хүн амын суурьшил сийрэг  3,4 квадрат километр нутагт 1 хүн, 13,2 квадрат километр нутагт 1 өрх ногддон хүн ам суурьшиж байна. Газар нутаг Байгалийн бүс бүслүүрийн хувьд нийт нутаг дэвсгэр нь говь цөлийн бүсэд багтах бөгөөд далайн түвшнээс дээш дунджаар 1300-1600 м өндөрт оршдог. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтан уул, Гилбэнт зэрэг 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 800 м өндөр, 150 км үргэлжилсэн Хонгорын голын үзэсгэлэнт элсэн уул, хэдэн арван км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг сүжийн алдарт их говиуд байдаг нь жуулчид, тойрон аялагчдын сонирхлыг ихээр татдаг билээ. Өмнө талаараа 700 км газраар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур, Альшаа аймгуудтай хиллэж оршдог. Монгол орны хөрс-газарзүйн мужлалаар Өмнөговь аймаг нь говийн хөрсний их мужид багтаж Их нууруудын хотгорын мужийн Манлай-Даланзадгад-Галбын говь, Борзонгийн говь, Өмнөговийн тойрогт хамрагддаг. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр нь амьтны аймгийн газарзүйн мужлалаар Хойт говь, Говь-Алтай, Алтайн өвөр говийн тойрогт багтдаг. Амьтны зүйлийн бүрдлийн хувьд харьцангуй өвөрмөц  нутаг юм.
Аймгийн “БЭЛГЭ ТЭМДЭГ”:
Өмнөговь аймгийн “Бэлгэ тэмдэг”-ийн загвар нь Бэлгэдлийн орой хэсэг нь Зэс, Алт, нүүрс энэ нь Монгол улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлогч газрын баялаг, эрдэс баялгаараа дэлхийд гайхагдаж байгаа говь нутгийг – зэс,алт,нүүрсний өнгөөр, түмэн насан хээгээр өсөн дэвжихийг бэлэгдэн, хөх цэнхэр өнгө мөнх тэнгэрийг, “Гурван сайхан уул”-ыг бэлэгдэн элсэн манхан болон Дэлхийд ховордсон 2 бөхт тэмээний өлгий нутгыг бэлэгдэн бүтээжээ.
Аймгийн далбаа:
Аймгинй туг нь үндсэн 2 өнгөөр хийгдсэн ба Цэнхэр өнгө нь Мөнх тэнгэрийн хүчин дор эх дэлхийгээ шүтэн, эв эеээ нэгтгэн амьдрахыг бэлэгдэж, Элсэн, шаргал өнгө нь Өмнөговь аймгийн байгаль орчин, өвөрмөц тогтоц, цаг агаар зэргийг энгийнээр тусгаж харуулах, Мөн аймаг орон нутгийн “Бэлгэ тэмдэг” Мөнх амгаланг бэлэгдэж тугны  цэнхэр суурин дээр байрлуулсан байна.
Эдийн засаг:
Аймгийн ДНБ нь 2010 оны эцсийн байдлаар177328.3 сая/ төгрөг, 1 хүнд ноогдох ДНБ 2.7 ам. доллар байна.
Хөдөө аж ахуй:
Аймгийн эдийн засгийн бас нэг гол салбар нь хөдөө аж ахуй, үүний дотор мал аж ахуй голлох байр эзэлдэг. Нийт 1.1 сая толгой малтай ба үүнээс дэлхийн улаан номонд багтдаг 2 бөхт тэмээний өлгий нутаг бөгөөд нийт 83000 мянган тэмээн сүрэг тоолуулж тоогоороо улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг, Тэмээ өсгөх үйл хэрэгт АЗДТГазар, Аймгийн ИТХурлын тогтоол шийдвэрийн дагуу шинээр Тэмээг үржүүлэх ажлыг дэмжиж, төлөөр өссөн тэмээ тутамд 5000 төгрөг олгох шийдвэр гаргасан нь тэмээ гэдэг амьтны тоо толгой өсөхөд чухал түлхэц болж байна. Зарим сумдад газар тариалан эрхэлдэг. Жилд дунджаар 2000 орчим тонн төмс, хүнсний ногоо хураан авдаг.
Үйлдвэрлэл үйлчилгээ
Өмнөговь аймагт 430 гаруй аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээ, борлуулах үйлдвэр, хөдөө аж ахуй, Уул уурхайн компаниудад ханган нийлэгч хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд аймаг орон нутагт Уул уурхай, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаатай холбогдон шинэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ нэвтрүүлэх бүрэн боломжтой.
Уур амьсгал:
Байгаль цаг уурын хувьд эрс тэс эх газрын уур амьсгалтай, дулааны улиралд халуун нь 30-38 градус, салхины хурд 5-15 м/сек,  заримдаа 34-45 м/сек хүрдэг, 2-3 жил тутамд гангийн байдал давтагдаж цөлжилт эрчимтэй явагдаж байгаа нь сүүлийн жилүүдэд тодорхой мэдрэгдэж байдаг юм.
Хүн ам:
Өмнөговь аймаг нийт 52306 хүн амтай, 16112 өрхтэй . Нийт хүн амын 31,1 хувийг 0-15 насны хүүхэд, 62,8 хувь нь 16-59 насны, 6,1 хувийг 60 ба түүнээс дээш насны хүн ам эзэлж байна. 2010 оны жилийн эцсийн  байдлаар аймгийн төвд 34хувь, сумын төвд 23 хувь, хөдөө 43 хувь нь сууршиж байна.
Уул уурхай:
Өмнөговь аймагт 12 төрлийн ашигт малтмалын 71 орд, 185 орчим илрэл тэмдэглэгджээ. Орон нутагт ашигт малтмалын хайгуул судалгаа, олборлолтын үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдын тоо 1997 оноос хойш тасралтгүй өссөөр ирсэн. 2010 оны байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын 520 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 57 нь ашиглалтын, 463 нь хайгуулын зөвшөөрөл байгаа ба эдгээрийг 186 гаруй аж ахуй нэгж эзэмшиж байна
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax